Zagaraaperenlei
4 min readMay 24, 2018

“Хотол Цагаан Гүнж” Роман

Зохиол Өгөөдэй хааны удмын Хайду ханы орд өргөө болоод тэдний гэр бүл, түүхэн улбаатай үйл хэргийг өгүүлдэг. Гол баатрууд нь Хайду Хан, эх Шибкан хатан, Их хатан Буман, Бага Хатан Солон мөн Дува, Урус, Чапар тэргүүтэй 13 ханхөвүүд бөгөөд тэдний дунд үүрийн цолмон шиг торойх ганц гүнж юм. Эл гүнж зохиолын гол баатар Ажуруг буюу алдарт Хотол Цагаан Гүнж бөлгөө. Мөн Хайду ханы цэргийн их жанжид Уужим, Бүргэд, Харцага, Харахул, Улусмөнх, Баавгай, Чинау, Абатай (Абтакүл) зэрэг эрэлхэг эрс гарна. Түүний гадна Хайдун перс гаралтай Хасан сайд, Юань улсын хунтайж Номхон зэрэг дүрүүд бий.

Хайду ханы амьдарч асан цаг болбоос Монгол Эзэнт Гүрний үр хойчис хөнжилдөө хөлөө хийлцэж эхэлсэн үе бөгөөд их түүхийн ээдрээтэй энэ цагт өөрийн овог аймаг, угсаа гарвалаа хадгалж үлдэхийн тулд алтан ургийнхан өөр хоорондоо дайтаж байлаа. Түүний нутаглаж байсан газар нутаг болбоос Мөнх хааныг эсэргүүцсэн хэргээр хязгаар газарт суусан Илтарвагатай орчим юм.

Хайду хан болбоос эр зориг, алсын бодолтой, нүүдэлчин соёл, Их Эзэн Хааныхаа ёс жудгийг сахидаг учир зохиолын турш тухайн үед хүчирхэгжиж асан Их Юань Гүрний Хаан Хубилайтай үзэл бодлын хувьд зөрчилдөнө. Хэдий эрх мэдлийн төлөөх тэмцэл биш авч Их Монголын нийслэлийг Дайду-д шилжүүлж, суурьшмал иргэншилд Монголчууд автах вий хэмээн, Хархорум хотоос эрхшээсэн улсаа удирдах нь зүйтэй гэсэн үзлийг Хайду баримталж байв. Үүний учир Юань Гүрнийг эсэргүүцэн босч алтан ургийн ноёдыг өөртөө татаж, хүчтэй тэмцэнэ. Удаа дараа Цагаадай, Ил Хан мөн Хубилайн цэрэгтэй дайтах ажуу.

Хайду Ханы эх Шибкан хатан нь түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Зохиолч энэ дүрээ гаднаа хатуу ширүүн, охин хүүхдэд цээрлэлтэй ханддаг мөн элдэвийн ид шидтэй хатан хэмээн ардын дунд хэлэлцэгддэг маягаар зохиолын эхэнд сөрөг дүр ажиглагдана. Шибкан нь Хаш Ханхүүгийн их хатан болж ирснээр түүнд Хайду болон Төмөрбулаг хэмээх хөвүүд төрүүлжээ. Хаш Ханхүү цэл залуугаар тэнгэрт морилоход бэлэвсэн үлдсэн тэрээр зохиолын өрнөл хүртэл цэл залуугийн гоо үзэсгэлэнгээ хадгалсан бүсгүй цаашлаад их эмэг эхийн дүрээр гарна.

Хайдугийн их хатан Буман нь үзэсгэлэн гоо төгс, зөөлөн дорой ааштай, өндөр чилгэр биетэй, сэтгэлийн хаттай эх хүний дүрээр гардаг. Түүнээс төрсөн төрсөн анхны охин үр нь 4н насандаа өтөлж атгиршан зөнсөөр хорвоог орхисны учир Шибкан хатан түүнд баахан хатуурхаж байдаг бол бага хатан Солонд илүү талтай хандана. Учир гэвээс Солон хатан бэрлэж ирснээс хойш олон нуган үр олон төрүүлж буй учир тэр. Солон болбоос төдий царай зүс сайхан төдий бус ч зальхай залжиндуу зантай, хэн бүхнийг өөртөө татахдаа гүйлгээ ухаан сайн зардаг хүн аж.

Хотол цагаан гүнж нь Хайду Хан, Яркэнд хотыг Хубилайгаас эргүүлэн авч их цэргээ дагуулан буцах ахуйд эхийн хэвлийг тийчсээр 2 сарын өмнө дутуу мэндлэх болоход “дахин бүү охин үр төрүүлээрэй” гэж зандарсан их хатан Шибкан дуулж ирээд өөрийн гараар эх барьж авдаг. Тэрээр Ажуруг нэрийг охинд хайрладаг. Зохиолч энэ нэрийг “сарны гэрэл” гэсэн түрэг үг хэмээжээ. (Энэ тал дээр миний бие төдийлөн санал нийлэхгүй байгаа бөгөөд нэрийн утгын тухай дараа тайлбар хийхийг хүсч байна.) Дараа нь Шибкан хатан дутуу төрсөн амьтныг халуун ямааны арьсанд боосоор 2 сарыг үдэн улмаар эцэг, эхээс нь авч өөрийн гараар өсгөж хүн болгодог. Цэргийн эрдэмд эв дүйтэй, цог заль төгс тэрээр хан эцгийнхээ хань болж, хатан улсаа хамгаалж явах хүн болохыг хүсэмжлэн багаас тэр жамаар өснө. Улбаар эцэгтээ эр зоригоо батлахын тулд эрийн цээнд хүрч цэрэг болох баяр дээр хэлхэгэр хуучин дээл, хуяг олуулж хөбүүн хүний дүрээр өрсөлдөн харвалдаж, илдэлдэж, барилдан түрүүлэхэд хан түүнийг шагнаж байдаг. Улмаар Уужим жанжин түүнийг хишигтний зуутад бэлтгэл хийхийг зөвшөөрснөөр түүний хүссэн эм хүнд ахадсан адармаат дайн тулаант, эр зоригт амьдрал эхэлнэ.

Зохиолыг унших явцад сул үг хэллэг ажиглагдсан хэдий ч би үүнийг дурьдахийг хүсэхгүй. Хотол Цагаан Гүнж (Хотулун, Ажуруг) өөрөөсөө хүчээр дор эртэй ураглахгүй хэмээн хүч чадалтай эрстэй барилдаж даваад, урьд хэлэлцэж тогтсны дагуу ялсан бөх бүрээсээ агт олныг авдаг. Зохиолд Памирын улсын ханхүү гүнжийг сүйлж мянган агт, бэлэг сэлттэй ирнэ. “Барилдааны өмнө Хасан сайд түүнд түрэг хэлээр” гэж гардаг. Памирчууд нь Перс угсааны хүмүүс агаад өдгөө Тажикстанд бий. Тийм учир Памир улсын ханхүү сүйлж ирээд түрэг хэлээр ярих учиргүй. Мөн зохиолын эхэнд Хасан сайдыг перс хүн гэж тодотгосон атал 2 перс угсааны хүн түрэгээр ярих нь зөрчилдөж байна. Мөн гол зангилаа болсон “алтан дэвтэр” хэмээх Өгөөдэй Хаанаас өвлөгдсөн судар алдагдаж Хотулун хойноос нь нэхнэ. Санавал “алтан дэвтэр” судар хийсвэрлэл болов уу. Үүний оронд бодитой “Монголын Нууц Товчоо”-г оруулж өгсөн бол илүү үнэн болох байв уу гэж бодогдов. Үйл явдал, холбоо сүлбээ сайтай юм шиг мөртөө зарим тайлалыг дараа нь хийж өгсөн бол уншигчдыг илүү хүлэх байсан болов уу гэж бодсон. Хасан сайд хэн болох, юу сэдэж байгаа мөн ямар хүн болох талаар зохиолч эхнээсээ л уншигчдад учиг өгч эхэлсэн нь зохиолын төгсгөлийг эртнээс таамаглах боломжыг уншигчдад олгож байна. Харин шархдсан гол дүрийн баатрууд болоод цэрэг эрсийг эмчлэхийн тулд хэрэглэгдэж байгаа уламжлалт эмчилгээний зүй, ургамал, эм тарнийн талаар судалгаа сайтай байна гэж бодсон. Тэрчлэн одоо мартагдсан нарийн зан үйлийн мөрийг тодруулан зохиолдоо ашигласан нь үнлүүштэй.

No responses yet